МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2009 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дугаар 31 Улаанбаатар хот
Журам батлах тухай
Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь :
1. “ Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам”-ыг 1 дүгээр,
ангиллын гэрчилгээний загварыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, аялал жуулчлалын
байгууллагуудын мэдээллийн цахим сан бүрдүүлэхийг Аялал жуулчлалын газар
/Э.Баттулга/ -т үүрэг болгосугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан “ Журам батлах тухай” Зам тээвэр,
аялал жуулчлалын сайдын 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 79 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Л.ГАНСҮХ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 31 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН АНГИЛАЛ ТОГТООХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид ангилал тогтооход энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Ангиллыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Байгаль орчин, аялал жуулчлалын яам/ тогтооно.
1.3.Аялал жуулчлалын үйл ажиллагаанд:
1.3.1.Гадаад орноос жуулчин хүлээн авах, гадаад орон руу жуулчин илгээх буюу олон улсын аялал жуулчлалын үйл ажиллагаа /international/
1.3.2.Гадаад орноос жуулчин хүлээн авах үйл ажиллагаа /inbound/
1.3.3.Гадаад орон руу жуулчин илгээх үйл ажиллагаа /outbound/
1.3.4.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын иргэд болон байнга ба түр оршин сууж буй гадаадын иргэдийг аялуулах /domestic/ үйл ажиллагааг үзүүлэхтэй холбогдсон харилцаа хамаарна.
1.4.Ангилал тогтоолгосон аж ахуйн нэгжүүд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас үзүүлж буй аливаа хөнгөлөлтөд хамрагдана.
Хоёр. Аялал жуулчлалын ажил үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, ангиллын төрлүүд
2.1.Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага доорхи нөхцлийг хангасан байна. Үүнд:
2.1.1.Монгол Улсын хуулийн этгээд байх /аж ахуйн нэгж/,
2.1.2.үйл ажиллагаа явуулахад шаардагдах албан байр, олон улсын болон дотоодын холбоо мэдээллийн сүлжээнд холбогдсон утас, факс, вэб хуудас, электрон шуудан, компьютер, техник хэрэгслээр хангагдсан байх,
2.1.3.Аялал жуулчлалын мэргэжилтэй буюу тухайн мэргэжлээр ажилласан дадлага туршлагатай, мэргэшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтэй, удирдах болон гүйцэтгэх ажилтнуудтай байх,
2.1.4.Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаат байдлыг хангахад шаардагдах санхүү, эдийн засгийн чадавхтай байх
2.2.Аж ахуйн нэгж нь эрхлэх үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран тур-оператор /tour operator/ болон тур агент /tour agent/ гэсэн ерөнхий ангилалтай байх ба тур оператор нь үйл ажиллагааны онцлогоос хамааран олон улсын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх тур оператор /international tour operator/, гадаад орноос жуулчин хүлээн авах тур оператор /inbound tour operator/, гадаад орон руу жуулчин илгээх тур оператор /outbound tour operator/, дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх тур оператор /domestic tour operator/ гэсэн төрөлтэй байна.
2.2.1.Oлон улсын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх тур оператор /international tour operator/ нь гадаад орноос жуулчин хүлээн авах болон гадаад орон руу жуулчин илгээхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлэх ба дээрх чиглэлүүдээр дагнан 10-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан, аялал жуулчлалын байгууллагад мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан 4-өөс дээш боловсон хүчинтэй байна.
2.2.2.Гадаад орноос жуулчин хүлээн авах тур оператор /inbound tour operator/ нь A, B, C гэсэн 3 зэрэглэлтэй байх ба Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүрдүүлэх, сурталчлах, багцаар болон хэсэгчлэн худалдах, аялал зохион байгуулах, тээврийн хэрэгслийн тийз, байр үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлт хийх, виз авахтай холбогдсон үйлчилгээ үзүүлнэ.
2.2.2.1.Inbound tour operator A нь аялал жуулчлалын чиглэлээр дагнан 10-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан 3-аас цөөнгүй боловсон хүчинтэй байна.
2.2.2.2.Inbound tour operator B нь аялал жуулчлалын чиглэлээр дагнан 5-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан 3-аас цөөнгүй боловсон хүчинтэй байна.
2.2.2.3.Inbound tour operator C нь мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан 2-оос дээш боловсон хүчинтэй байна.
2.2.3.Гадаад орон руу жуулчин илгээх тур оператор /outbound tour operator/ гадаад улс орнуудад аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төлөвлөх, бүрдүүлэх, дотоодод сурталчлах, багц болон хэсэгчлэн худалдах, аялал зохион байгуулах, тээврийн хэрэгслийн тийз, байр үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлт, виз авахтай холбогдсон үйлчилгээ үзүүлнэ.
2.2.3.1.Гадаад орон руу жуулчин илгээх тур оператор /outbound tour operator/ нь мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан 2-оос дээш боловсон хүчинтэй байна.
2.2.4.Дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх тур оператор /domestic tour operator/ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, бүрдүүлэх, сурталчлах, багцаар болон хэсэгчлэн худалдах, аялал зохион байгуулах, тээврийн хэрэгслийн, байрны, үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлттэй холбогдсон үйлчилгээ үзүүлнэ.
2.2.5.Гадаад, дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг зуучлагч тур агент /tour agent/ нь виз болон аяллын бичиг баримтын бүрдүүлэлт хийх, байр, хоол, унаа, үзвэрийн захиалга хийх, гадаад дотоодын тур операторын бүтээгдэхүүнийг гэрээний үндсэн дээр бүхэлд нь болон хэсэгчлэн зуучлан худалдаалахтай холбогдсон үйлчилгээ үзүүлнэ.
Гурав. Ангилал тогтоох
3.1.Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь зөвхөн тухайн ангилалд заагдсан үйл ажиллагааг явуулна.
3.2.Шинээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдах ажилтан, менежер нь мэргэжлийн чиглэл олгох сургалтанд хамрагдсан байна.
3.3.Аж ахуйн нэгж нь ангилал тогтоолгохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлнэ. Үүнд:
3.3.1.Ангилал тогтоолгох хүсэлт гаргасан албан тоот
3.3.2.Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3.3.3.Өмнөх жилд үйлчилсэн жуулчдын тоо, санхүү, эдийн засгийн үзүүлэлт /үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын тухайд/
3.3.4.Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө
3.3.5.Аялал жуулчлалын мэргэжлийн боловсон хүчний талаарх мэдээлэл, диплом, сертификатын хуулбар, хөдөлмөрийн гэрээ
3.3.6.Ажлын байрны түрээсийн гэрээ эсвэл өөрийн өмчийн ажлын байр бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
3.3.7.Бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаат байдлыг хангах, жуулчдын эрх ашгийг хамгаалах үүднээс жуулчинтай байгуулах гэрээний төсөл /гадаад орон руу жуулчин илгээх тур операторт/
3.3.8.Аяллын хөтөлбөр, багц үнийн судалгаа /гадаад орон руу жуулчин илгээх тур операторт/
3.3.9.Даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан байх /гадаад орон руу жуулчин илгээх тур операторт/
3.4.Орон нутагт харъяалалтай аж ахуйн нэгж нь дээрх бичиг баримтыг бүрдүүлэн тухайн аймгийн ЗДТГ-ын аялал жуулчлал хариуцсан нэгж /ажилтан/-ийн гаргасан дүгнэлтийн хамт Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлнэ.
3.5.Байгаль орчин, аялал жуулчлалын яам тухайн байгууллагын хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэнэ.
3.6.Аж ахуйн нэгж нь өөрийн авсан ангиллаас гадна бусад ангиллын шаардлагыг хангаж байвал бусад ангиллын гэрчилгээ авч болно.
3.7.Хэрэв аж ахуйн нэгж нь аль нэг ангиллын шаардлагыг хангаагүй гэж яам үзвэл ангилал тогтоохоос татгалзсан үндэслэлийг зааж хариуг албан бичгээр хүргүүлнэ.
3.8.Зэрэглэл тогтоохтой холбогдон гарах зардлыг аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө хариуцна.
3.9.Ангилал тогтоосны баталгаа болгож Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гэрчилгээ олгоно. Гэрчилгээг нэг жилийн хугацаатай олгох ба гэрчилгээнд ангилал олгосон он, сар, өдөр, бүртгэлийн дугаарыг тусгана.
3.10.Ангиллын гэрчилгээг бусдад шилжүүлэх, засварлахыг хориглоно.
Дөрөв. Ангилалд өөрчлөлт оруулах, ангиллын гэрчилгээг сунгах, хүчингүй болгох тухай
4.1.Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн тохиолдолд ангиллаа шинэчлэн тогтоолгох талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргана. Ангилал өөрчлөх үйл явц нь шинээр ангилал авахтай ижил журмаар явагдана.
4.2.Аж ахуйн нэгж нь ангиллын гэрчилгээгээ сунгуулахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
4.2.1 Хүсэлт гаргасан албан тоот
4.2.2.Өмнөх онд үйлчилсэн жуулчдын тоо, санхүү, эдийн засгийн үзүүлэлт /маягтаар/
4.3.Аж ахуйн нэгж нь дараах зөрчил гаргасан тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яам ангиллын гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй. Үүнд:
4.3.1.Аж ахуйн нэгж татан буугдсан
4.3.2.Тухайн ангилалд нийцээгүй үйл ажиллагаа явуулсан
4.3.3.Өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас жуулчдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан эсвэл уг байгууллагын талаар жуулчдаас удаа дараа гомдол гаргасан нь зохих мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр нотлогдсон
4.3.4.Ангиллын гэрчилгээний хугацаа дууссанаас хойш 3 сарын дотор сунгуулаагүй
4.4.Ангиллыг хүчингүй болгох тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Тав. Хариуцлага
5.1.Ангилал тогтоолгосон аж ахуйн нэгж нь үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байгаад мэргэжлийн хяналтын улсын байцаагч хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдалд Монгол Улсын Аялал жуулчлалын тухай болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
_____оОо_____
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 31 тоот тушаалын 2 дугаар хавсралт
ГЭРЧИЛГЭЭ
CERTIFICATE
No.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 200... оны ... дүгээр тушаалыг үндэслэн .................. хот, ......... дүүрэгт харьяалалтай .................. оноосон нэртэй аялал жуулчлалын байгууллагад .................................. ангиллын гэрчилгээг НЭГ жилийн хугацаатайгаар олгов.
This certificate is issued to ......... company of ........... category, subject to .........district, .........city for a period of ONE year according to the Resolution ... of Minister of nature environment and Tourism dated .........
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
MINISTRY OF NATURE, ENVIRONMENT AND TOURISM, MONGOLIA
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ДАРГА
DIRECTOR OF TOURISM DEPARTMENT
Олгосон: ..........
Dated: .........
НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН БҮРТГЭЛ
REGISTRATION OF AMENDMENT
|
Нэмэлт өөрчлөлт оруулсан баримт бичгийн нэр, он сар, өдөр
Name and date of amendment document |
Нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрсөн шийдвэрийн дугаар, он, сар, өдөр
Date and resolution № Approving amendment |
Нэмэлт өөрчлөлтийн агуулга
Content of amendment |
Гэрчилгээний хугацаа сунгасан тухай тэмдэглэл
NOTES ON EXTENSION OF CERTIFICATE
Гэрчилгээг ... оны ..... сарын .... -ны өдөр хүртэл сунгав.
This Certificate is extended until...........
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ДАРГА
DIRECTOR OF TOURISM DEPARTMENT
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Дэд бүтцийн сайдын 2002 оны 150 дугаар тушаалын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын үндэсний стандартад тусгагдсан шаардлагын дагуу дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Зочид буудал, жуулчны бааз нь монгол Улсын стандартад заагдсан зэрэглэлд хуваагдана.
1.3. Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох үйл ажиллагааг Дэд бүтцийн сайдын тушаалаар батлагдсан аттестатчиллын Улсын комисс зохион байгуулна.
1.4. Комисс дээд зэрэглэлийн зочид буудлын зэрэглэл тогтоох ажлыг II улиралд, жуулчны баазад зэрэглэл тогтоох ажлыг III улиралд багтаан зохион байгуулна.
1.5. Зочид буудлын зэрэглэлийн тэмдэг нь шар өнгийн дэвсгэртэй, од нь таван хошуу хэлбэртэй хар өнгөтэй байна. Тэмдгийн өргөн нь 40 см, урт нь 60 см байна. Тэмдгийн бичвэр нь англи, монгол хэл дээр бичигдсэн байна.
1.6. Зэрэглэлийн шаардлага хангасан зочид буудал, жуулчны баазад зэрэглэлийн гэрчилгээ, тэмдгийг комисс олгоно.
1.7. Зочид буудал, жуулчны бааз нь зочин хүлээн авах хэсэгтээ зэрэглэлийн тэмдэг, гэрчилгээг зочдод харагдахуйцаар байрлуулна.
Хоёр. Зэрэглэл тогтоох
Зочид буудал, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэх, эрхлэж буй аж ахуйн нэгж нь зэрэглэл тогтоолгох өргөдлийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Аялал жуулчлалын газар/-д гаргана.
Өргөдөлд доор дурьдсан материалыг хавсаргана. Үүнд:
Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой бусад зөвшөөрлийн хуулбар,
Аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга
Стандартын норматив, ишлэл, нийтлэг шаардлагуудыг хэрхэн хангаж байгаа талаар барилга, галын аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт
Жуулчны баазуудын хувьд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, газар ашиглах гэрчилгээ,
Зочид буудлын зэрэглэл тогтоолгох өргөдлийг тухайн оны I улиралд, жуулчны баазад зэрэглэл тогтоох хүсэлтийг II улиралд хүлээн авна.
Комисс ирүүлсэн материалтай танилцсаны дараа зэрэглэл тогтоох хугацааг товлож тухайн зочид буудал, жуулчны баазад мэдэгдэнэ.
Хүсэлтийг хүлээн авснаас хойш 3 сарын дотор шийдвэрлэнэ.
Комиссоос томилогдсон шалгагч нар тухайн зочид буудал, жуулчны баазын барилга байгууламж, үйлчилгээг стандартын дагуу шалгана.
Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазын стандартын техникийн шаардлага, үйлчилгээний чанарын талаарх мэргэжлийн хяналтын байгууллагуудын дүгнэлт, шалгагч нарын тайлан зэргийг үндэслэн комиссын хуралдаанаар зэрэглэл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазууд нь стандартын болон үйлчилгээний чанарын шаардлага хангаагүй тохиолдолд комисс энэ тухай дүгнэлтийг өргөдөл гаргагчид буцаана.
Гурав. Гомдол гаргах, зэрэглэлийг өөрчлөх, цуцлах үндэслэл
3.1. Аж ахуйн нэгж нь комиссоос олгохоор шийдвэрлэсэн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөөгүй, эсвэл хангалтгүй үнэлгээ авснаас зэрэглэл авч чадаагүй тохиолдолд шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт гаргах эрхтэй.
3.2. Дахин хянуулах хүсэлтийг зэрэглэлийн талаарх шийдвэрийг зарласнаас хойш 21 хоногийн дотор бичгээр комисст гаргана.
3.3. Комисс нь дахин хянуулах тухай өргөдлийн дагуу үнэлэх ажлыг тухайн аж ахуйн нэгжийн удирдлагатай хамтарч хийнэ.
3.4. Зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлийг өөрчлөх тохиолдолд зэрэглэлээ ахиулах хүсэлтээ Аялал жуулчлалын газарт гаргана.
3.5. Зочид буудал, жуулчны бааз нь энэ журмын 3.6, 3.7-д заасан шаардлагыг хангаагүй ажил үйлчилгээ явуулж байгаа нь холбогдох хяналтын байгууллага, улсын байцаагчийн шалгалтаар илэрвэл комисс тухайн зочид буудал, жуулчны баазын зэрэглэлийг бууруулах буюу цуцална.
3.6. Зэрэглэлийг дараах зөрчил гаргасан тохиолдолд бууруулна.
3.6.1. Тухайн зэрэглэлийн стандартын шаардлага хангаагүй ;
3.6.2. Зочид буудал, жуулчны бааз нь стандартын шаардлага хангаагүй барилга, байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хогшил ашиглах, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахааргүй орчинд ажил үйлчилгээ явуулж байгаа бол;
3.6.3. Зочид буудал, жуулчны бааз нь тухайн зэрэглэлд нийцэхээргүй ажил үйлчилгээг явуулсан бөгөөд үйлчлүүлэгчдээс удаа дараа үндэслэлтэй гомдол гарсан бол
3.7. Зэрэглэлийг дараах тохиолдолд цуцална.
3.7.1. Хуулийн этгээд татан буугдсан
3.7.2. Зэрэглэлийг бусдад шилжүүлсэн
Дөрөв. Бусад
4.1. Зэрэглэл эзэмшигч нь холбогдох зэрэглэлийнхээ стандартын шаардлагад нийцсэн ажил үйлчилгээг чанартай явуулна.
4.2. Зэрэглэл эзэмшигч нь үйл ажиллагааны талаарх тайланг батлагдсан маягтын дагуу дараа сарын 5-ны дотор Аялал жуулчлалын газарт ирүүлнэ.
Тав. Хариуцлага
5.1. Зэрэглэл эзэмшигч нь хууль эрх зүйн актуудыг зөрчсөн тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.